Хүнд хэлбэрийн сарын тэмдэг, үргүйдэл, цэвэршилт гэх мэт эрүүл мэндийн асуудлуудын талаар яриа нь хэцүү санагдаж байж болно. Гэвч олон эмэгтэйчүүд амьдралдаа иймэрхүү асуудалтай тулгарсан байдаг.
Жишээлбэл Их Британид явуулсан судалгаагаар бараг 3 эмэгтэй тутмын 1 нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг боловч талаас бага хувь нь л тусламж хүсдэг болохыг тогтоожээ. Судалгаанаас харахад цэвэршилтийн шинж тэмдэг илэрсэн эмэгтэйчүүдийн 12% нь ажлаасаа чөлөө авсан байдаг бол 59% нь шалтгааныг нь даргадаа худал хэлдэг байжээ.
Тэгэхээр та ямар асуудлыг мэдэж байх ёстой вэ мөн хэзээ хэн нэгэнтэй энэ талаар ярилцах ёстой вэ?
Хүнд хэлбэрийн сарын тэмдэг
"Хүнд хэлбэрийн" гэж тооцогдох ойлголт нь эмэгтэй хүн бүрт харилцан адилгүй байдаг ч ерөнхийдөө сарын хугацаанд 80мл (16 халбага) ба түүнээс дээш хэмжээгээр цус алдах мөн 7 хоногоос дээш хугацаагаар сарын тэмдэг үргэлжилдэг нөхцлийг хэлдэг ажээ. Хүнд хэлбэрийн сарын тэмдэг нь заавал ямар нэг зүйл хэвийн бус байна гэсэн үг биш боловч таны амьдралд нөлөөлж болзошгүй тохиолдол ч байдаг аж. Хэрэв та ариун цэврийн хэрэглэлээ 2 ба түүнээс дээш цаг тутамд сольдог бол эмчид хандах нь зүйтэй болов уу.
Сарын тэмдгийн хэлбэлзэл
Сарын тэмдэг ихэвчлэн хугацаанаасаа эрт эсвэл хожуу ирдэг бол энэ нь эрүүл мэндийн байдал, жирэмслэлт эсвэл цэвэршилтийн шинж тэмдэг байж болох талтай. Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл, эм, жингийн өөрчлөлттэй ч мөн холбоотой байж болно. Таны хувьд хэвийн хугацааг мэдэхийн тулд сарын тэмдэгийн хуанли хөтөлж, мөчлөг 20-оос дээш хоногоор хэлбэлзэх эсвэл гэнэт өөрчлөгдөх тохиолдолд эмчид хандаарай.
Өвдөлттэй сарын тэмдэг
Сарын тэмдгийн үеэр зарим нэг зовиур мэдрэгдэх нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь таны хэвлийн хана чангарсанаас үүдэлтэй. Та өвдөлт намдаах эм, эрчимт бус дасгал, халуун усанд орох зэрэг өөрийгөө тордох аргуудаар сарын тэмдгийн өвдөлтийг эмчилж болно. Харин таны өвдөлт хүчтэй байвал эмчид үзүүлж, эндометриоз гэх мэт эрүүл мэндийн суурь өвчнийг үгүй хийх эсвэл таны өвдөлтийг намдаах өөр сонголт байгаа эсэхийг шалгах боломжтой.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зарим асуудалд бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) зэрэг тодорхой шинж тэмдэг илэрдэггүй боловч эцэстээ үргүйдэл гэх мэт ноцтой асуудал үүсгэдэг тохиолдол бий.
Улс орнуудад өгөх зөвлөмж харилцан адилгүй байх боловч умайн хүзүүгээ тогтмол үзлэгээр харуулж, бэлгийн хавьтагчдын хооронд (БЗДХ) шинжилгээ өгөх нь зүйтэй.
Өнөөдрийн эшлэл
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэггүйгээр та эхэд байх ёстой эрүүл мэндийн мэдлэгийг ч авч чадахгүй.
Хиллари Клинтон, улс төрч